БУРГАСАН БАГ


Тус баг нь дөрвөн хайрханы дунд баруун зүүн хоёр хэсэгт 6, 7-р бригад нэртэйгээр үүсгэн байгуулагдаж даргаар нь Могж, Содов, Халзан, Чадраабал, Жужуухай, Самъяа, Гарий, Эрдэнэтогтох, Ганбаатар, Баатаржав, Батсүх нар ажиллаж байсан. Урд хэсгээрээ сумын төвтэй, баруун талаараа Мөст сумтай, хойд хэсгээрээ Гүвээ багтай, зүүн талаараа Чандмань сумтай тус тус хиллэдэг. Тус багаас Монгол улсын Ерөнхий сайд асан УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, "Улсын аварга малчин", Ардын их хурлын депутат Р.Цэгмид, "Улсын аварга малчин" Д.Дүгэржав, Аймгийн аварга малчин Ж.Батаа, Х.Намсрай, Р.Догсоо, Мишиг, Ж.Батсүх, Н.Улаанхүү, Н.Төмөрхүү, Д.Мягмар, Ж.Өлзийдаш, Д.Гонгор, Н.Гэндэн, аймгийн сайн малчин Д.Алтансүх, Д.Батжаргал, сумын сайн малчин Б.Ганхүү, Д.Осор, Д.Атар, Ө.Дэлгэр нарын хүмүүс төрөн гарсан төдийгүй аймгийн тэргүүний бригад, багаар 3 удаа шалгарч байсан. Алтайн уулсын дунд Алтантээлийн хөндийд орших тус баг нь Мөнх цаст ноён оргил, Нуурт, Авдарын битүү, Оцонгийн улаан хад, Буур хад, Улаан толгой, Хөдөө нуур, Холбоо нуур, Цагаан нуур, Зүүн уулын хадын ёроол, Улиастайн богд, Хоёр элсэн бөөрөг зэрэг байгалийн үзэсгэлэнт сонин тогтоцтой газруудтай мөн Аргаль, Янгир, Ирвэс, Хар сүүлт, Хойлог, Суусар, Мануул гэх мэт дархан цаазат ан амьтантай мал сүрэг нь өсөн үржсэн баялаг сайхан нутаг юм. Тус баг нь 2014 оны жилийн эцсийн байдлаар нийт 497 хүн ам, 119 өрх, 27662 толгой мал тоолуулсан  байна.